
ГАЗРЫН БАЯЛАГ БАЯЖУУЛАХ УУ, ЯДУУРУУЛАХ УУ?
Харанхуй мунхаг сэтгэлд гэрэл асаах, сохор хүнийг хараа оруулахын тулд шинжлэх ухаан дан ганц байдаг юм биш. Харин угаасаа эрүүл хөлтэй, явж чаддаг хүнд зөв замыг зааж өгөхөд л түүний үүрэг голлодог.
Мишель монтень
Хүн төрөлхтөн өнгөрсөн зуунд шинжлэх ухааны нүр их ололт дунд будилж гүйцжээ. Либерал үзэл суртлын эсрэг Марксизм, ленинизм оршиж, матери, идеал хоёр эсрэгцэн тэмцэлдсээр хүмүүс аль нь үнэн, аль нь худал болохыг мэдэхээ больсон цаг ирээд байна.
2008 он бол Монгол улсын хувьд хөгжих, эс хөгжих, баяжих, эс баяжих, ядуурах, эс ядуурах, байгалийн баялагаа ашиглах, эс ашиглах гэсэн түүхэн асуултуудын өмнө сонголт хийх, эдийн засгийн хөгжлийн цогц бодлогоо тодорхойлох цэг дээр тулан ирээд байна.
Энэ цаг үед эрдэмтэн судлаачид, эгэл жирийн иргэн, оюутан миний хувьд ч байгалийн баялагийг ашиглах нь эдийн засгийн хурдацтай хөгжилд хүргэдэг юм болов уу? хэмээх асуулт өөрийн эрхгүй урган гарч байна.
Байгалийн баялагаа ашиглаад дэлхийн топ хөгжилтэй улс болж чадах болов уу? тийм туршлага байна уу?
Дээрх асуултанд хариулт болгох үүднээс дэлхий нийтийн практик, туршлагыг авч үзье! Эдийн засгийн үйлдвэрлэлийн суурийг нэгэнт бий болгосон үндэсний баялагийн хэмжээгээр зөв зүйтэй тодорхойлж болно гэж эдийн засагчид үздэг.
Энэтхэгийн хойгийн бүс нутагт нэг хүнд ногдох ҮНБ сүүлийн 30 орчим жилд өсч ирсэн боловч бүс нутгийн байгалийн нөөц баялаг ихээхэн хорогдсон гэдэг. Энэ тухай Дэлхийн Банкны тоо баримт дээр үндэслэн хийсэн эдийн засгийн тооцоогоор бол нэг хүнд ногдох баялаг бага зэрэг буурсан дүн гарчээ. Баялаг ийнхүү буурсан нь үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт, мэдлэг, ур чадварын өсөлт болон бүтцийн шинэчлэл нь хүн амын тоонд харьцуулахад байгалийн капиталын хорогдлыг нөхөж чадаагүйтэй холбоотой. Африкийн Сахарын цөлийн бүс нутагт нэг хүнд ногдох ҮНБ, үндэсний баялагийн аль аль нь буурсаар иржээ. Дэлхийн хамгийн ядуу, буурай бүс нутаг (тухайлбал, дээрх хоёр бүс нутагт) дотроо хүн амын өндөр өсөлттэй орнуудад үндэсний баялагийн хорогдол бүр илүү хурдацтай явагдсан гэж эдийн засагчид дүгнэсэн байна.
Харин Хятад болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын эдийн засгийн хувьд нэг хүнд ногдох ҮНБ, үндэсний баялаг өсчээ. Эдгээр оронд байгалийн капиталын хорогдлыг бусад капиталын хуримтлалаар илүүтэй нөхөж чадсан байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 30 жилд дэлхийн баян чинээлэг хэсэг “тогтвортой хөгжил”-ийн шимийг хүртэж, ядуу хэсэгт (Хятадаас бусад) хөгжил тогтвортой биш байсан байна.
Дэлхий дахинд байгалийн өргөн баялагтай улс орнууд болох Африк, Азербейжан зэрэг улсууд эдийн засгийн хөгжил, хүн амын ядуурлын хувьд хамгийн буурай хөгжилтэй улсуудын тоонд орсон бол Байгалийн баялаг багатай Швейцарь, Швед гэх мэт улсууд дэлхийд эдийн засаг, хүн амын хөгжлөөрөө тэргүүлсэн байна.
Дээрх улсуудын гол ялгаа нь байгалийн баялаг ихтэй улс орнуудад Авилгал, хээл хахууль ихэсч, эдийн засгийн өсөлтийн хувьд өндөр гардаг үндэсний баялагийн хувьд жилээс жилд буурч байдаг нь байгалийн баялагаа зөв зохистой хэрэглээгүй, зөв хуваарьлалт бий болгоогүйтэй шууд холбоотой байна. Нөгөө талаар гадаад харилцааны бодлогын хувьд авч үзвэл дээрх улс орнууд нь нээлттэй бодлого баримталдагаараа онцлогтой. Гэтэл Саудын араб, Катар гэх мэт улсууд нефтээрээ дэлхийд тэргүүлдэг улсууд гадаад бодлого, гадаадын хөрөнгө оруулалтын хувьд таатай бус орчин бүрдүүлж гадаадын хөрөнгө оруулагч нарыг хаах бодлого баримталсан байна.
Монгол улсын хувьд авч үзвэл байгалийн баялагаа ашиглаад даруй хэдэн арван жил болж буй боловч өнөө хэр нь Монгол улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахгүй байна. Гадаадын хөрөнгө оруулагч нарын сонирхол нь Хууль тогтоогч нарт авилгал өгч татвараас зугтааж, өөрсдөдөө ашигтай гэрээ хэлцэл байгуулсанаар Монгол улсын иргэдэд ач холбогдол багатай, хүн ядуурлын түвшинг нэмэгдүүлэх гол шалтгаан болоод байна.
Дээрх бүгдээс дүгнэвэл: Байгалийн баялагийг ашиглах өнө эртний уламжлалтай Монгол улс Консерватив үзэл номлолоо умартан, нөгөө талаар либертари эдийн засгийн бодлого, гадаад харилцааны зохистой бодлого баримтлахгүй бол байгалийн баялагийг ашиглах нь хүн амыг ядууруулж улмаар Голланд өвчнөөр нүүрлэсэн Африкжсан Азийн Монгол болоход хүргээд байна.
Байгалийн баялаг ашиглах нь хувийн байгууллага, гадны хөрөнгө оруулагч нар гэсэн цөөн тооны хүмүүсийн ашиг хонжооны хэрэгсэл болон хувирдаг, нөгөө талаар байгалийн баялагийг ашиглах явдал нь ямагт хүн амыг ядууруулж байдаг дэлхийн практик туршлага Монголд хэрэгжээд эхэлсэнд асуудлын гол нь байна.
Өнөөдөр бензин шатахууны үнэ, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэн нь Эдийн засгийн өсөлтийг дагаж өргөн хэрэглээний бараа болон тансаг хэрэглээний барааны үнэ дагаад өсдөг эдийн засгийн суурь ухагдахууны хувьд Монгол улсын эдийн засгийн хөгжил 8-12%-ийн өсөлттэй байгаа учир тэр хэмжээгээр инфляци өсөж, дагаад авилгал өссөнөөр ийнхүү үнийн хөөрөгдөлд учраад байгаа юм.
Учир нь Монгол улсын эдийн засгийн өсөлт нь 8-12% байгаа гол шалтгаан нь дэлхийн зах зээл дээр зэс, алтны гэх мэт эрдэс баялагийн үнэ өссөнтэй, нөгөө талаар байгалийн баялагийг төрийн тодорхой бодлогогүйгээр ашиглаж эхэлсэнтэй холбоотой юм.
Дээрх эдийн засгийн өсөлтийн үр шим байгалийн баялагийг эзэмшиж буй хүн амын 6-хан %-д хүрч, үлдсэн иргэдэд эдийн засгийн өсөлт хэрэглээний барааны үнийн өсөлтийн дарамт болж буугаад байна. Тиймээс Монгол улсын эдийн засгийн өсөлт сүүлийн 3 жилд ашигтай гарахад хүн амын ядуурлын түвшин тэр хэмжээгээрээ нэмэгдэж 57%-д хүрээд байгаа нь хачирхалтай. Энэ бүхнээс үзэхэд байгалийн баялагийг ашиглах нь таныг баяжуулах нь уу? эсхүл ядууруулах нь уу? гэдгийг та өөрөөсөө зүрх сэтгэлээсээ асуу?